来源:中国国际广播电台 CRI : http://mongol.cri.cn/audio/interview/271/20190929/360023.html
作者:SH.TSERENPIL
2020-08-27
БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын өдөр дөхөж байгаа үеэр, сэтгүүлч Ш.Цэрэнпил Улаанбаатар хотоо МУ-ын ГХЯ-ны Хөрш Орнуудын Газрын зөвлөх Я.Ганбаатартай уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар дараахь ярилцлагыг хийсэн юм.
-Сайн байна уу? БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа талаар яриагаа эхэлье.
-За баярлалаа. Танай Радиогийн сонсогчдод энэ өдрийн мэнд дэвшүүлье. Энэ жил 2 орны дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож байгаа. 1949 он буюу одоогоос 70 жилийн өмнө, манай өмнөд хөрш Хятад оронд нийгмийн томоохон дэвшил хувьсгал болж Социализм ялж, БНХАУ хэмээн шинэ Хятад улс байгуулагдсан түүхтэй. Ингээд дэлхийн олон улс орнуудаас хамгийн түрүүнд тухайн үеийн БНМАУ өмнөд хөрш орныхоо бүрэн эрхт байдал, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, харилцан эрх тэгш харилцах санал хүсэлтээ тавьж, 1949 оны 10-р сарын 16-ны өдөр, төр засгийн өндөр дээд төвшинд харилцан захидал солилцож, энэ хүсэл эрмэлзлээ харилцан солилцсоноор дипломат харилцаа тогтоосон байдаг. Мөн Хятад орны хувьд хоёр ч том үйл явдал болж байгаа нь Бүгд Найрамдах Улс байгуулж хөгжиж ирснээс 70 жил болж байгаатай тохиолдуулан, томоохон баяр ёслолын арга хэмжээнүүд үргэлжилж байна. Дэлхийн нийт бүгд Хятад орныг ямар болж яаж хөгжиж, өнөөгийн энэ төвшинд хүрэв, дэлхий дахинд бүс нутаг, тив дэлхий олон улсын хэмжээнд ямар байр суурь нэр нөлөө бүхий улс орон болж хөгжиж байна вэ гэдгийг дэлхий нийт бүгд харж байна.
Товчхон дурдахад БНХАУ өнгөрсөн хугацаанд ихээхэн урагшилж нийгэм, эдийн засаг, улс төр, соёл хүмүүнлэгийн гээд олон чиглэлдээ ихээхэн амжилтад хүрснийг бид бүгд харж байна. Улс төрийн хувьд гэхэд дэлхийн нөлөө бүхий хүчирхэг их гүрнүүдийн нэг боллоо. Эдийн засгийн хувьд дэлхийн хоёрдугаар том эдийн засаг боллоо. Нийгмийн хувьд олон хөгжил дэвшилд ахиц гаргасан.
Тухайлбал ядуурлыг буруулж ангижрах, ард түмнээ чинээлэг амьдралд хүргэх чиглэлээр түүхэн томоохон ололт амжилтад хүрч байгаа. Яг тодорхойлж байгаагаар бол сүүлийн 10 гаруй жилд жил тутам 10 гаруй сая иргэдийг ядуурлаас аварч амьжиргааны дунд чинээлэг төвшинд хүргэж байна. Энэ том үндэс суурь дээр тулгуурлан 2020 он гэхэд Хятад улсын хөдөөгийн хүн амын дотор ядуу хүнгүй болох зорилт тавин ажиллаж байна. Энэ бол Хятад орон одоогийн төр засгийн удирдлагын доор түүхэн том хөгжил дэвшил үсрэлтүүдийг хийж өнөөгийн энэ төвшинд хүрлээ гэдгийг харуулж байгаа хэрэг юм.
2018, 2019 онд Монгол, Хятад хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд боллоо. Тухайлбал Гадаад харилцааны сайд нар харилцан айлчилсан. Өнгөрсөн жил Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилсан. Энэ оны дөрөвдүгээр сард МУ-ын ерөнхийлөгч Х. Баттулга БНХАУ-ын дарга Ши Жинь Пиний урилгаар айлчилсан юм. Энэ үеэрээ хоёр тал харилцан түүхт 70н жилийн ойг жилийн туршид хамтран тэмдэглэе хэмээн тохиролцсон байна. Ингээд оны эхээр төлөвлөгөөгөө нэгтгэн гаргаж жилийн туршид 70 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх замаар түүхт ойг тэмдэглэх тохиролцоонд хүрч өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байна. Энэ 9 болон 10 дугаар сард оргил арга хэмжээнүүд үргэлжилж байгаа юм. Харилцан соёлын өдрүүд зохион байгуулах ажил амжилттай хийгдлээ. Улаанбаатар, хөдөө орон нутгуудад Хятадын болон ӨМӨЗО-ны соёлын өдрүүд мөн яг өнөөдөр бол Төвөдийн соёлын өдрүүд гэх мэт олон цуврал арга хэмжээнүүд үргэлжлэн явагдлаа. Үүнд Хятад орны Өвөр Монголын хөгжил цэцэглэлт, ард түмний амьдралыг харуулсан гэрэл зургийн, Уран зургийн, Хятадын олон үндэстэн ястны Гар урлалын үзэсгэлэн болон үзүүлэх арга хэмжээнүүд болсон. Хятад хоол хүнсний хэрэглээ мөн Хятад ном соёлын хөгжлийн байдлыг харуулсан үзэсгэлэн болон номын нээлтүүд мөн боллоо.
Тэдгээрийн дотор дурдах нэгэн зүйл бол энэ оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бүтээлийн номын орчуулгын бүтээл нээлтээ хийсэн арга хэмжээ байлаа. Хятад улсыг удирдан жолоодоход сүүлийн жилүүдэд ялангуяа Ши Жиньпин дарга өөрийнхөө төрийн тэргүүнээр ажилласан хугацаандаа улс төр, эдийн засаг, бизнес, соёл урлаг хүмүүнлэг, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх чиглэлээр гаргасан тушаал шийдвэрүүд, тавьсан илтгэл, өгүүллүүд, удирдан жолоодох онол арга барил гэх мэт олон зүйлүүдийг практикийн үүднээс нэгтгэн дүгнэсэн бүтээл болгон дэлхийн олон улс оронд орчуулж олны хүртээл болгож байгаа юм. Уг хүрээнд тухайн ном нээх ёслол арга хэмжээг хийж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй оронд энэхүү ном нээх ажиллагаа явагдаад байгаагийн нэг нь МУ болж байгаа юм. Манай гадаад хэргийн яам дээр энэ арга хэмжээнд төр засгийн удирдлагууд болон хятад судлалын эрдэмтэд, сонирхогчид өргөн хүрээтэй оролцсон.
-Соёлын цуврал арга хэмжээнүүд ийнхүү наймдугаар сараас эрчимжлээ. Энэхүү соёлын цуврал арга хэмжээний ашиг тус, давуу тал нь?
-Манай Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд албан ёсны уулзалтууд дээр хэлсэн байдаг. Өнөөдөр Монгол, Хятадын харилцаа хамгийн сайн үе дээрээ явж байна. Хоёр орны олон салбар дахь харилцаа хамтын ажиллагаа нь хөрш зэргэлдээ орнуудын харилцааны үлгэр жишээ болон хөгжих боломжтой байна. Монгол, Хятадын харилцаа шинэ үе шатандаа орлоо гэсэн дүгнэлтүүдийг хийсэн. Энэ хүрээнд Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И ч мөн энэ дүгнэлтүүдийг хийж санал нэг байгаагаа илэрхийлж байсан.
Тэгэхээр өнөөдөр энэ өнгөн дээрээс харахад 2019 онд хэрэгжүүлж ирсэн олон хамтын ажиллагаа, харилцаа солилцоо, айлчлал арга хэмжээнүүдээс харахад үнэхээр харилцаа бол шинэ үе шатандаа орж байна гэж үзэж байна. Энэ үед идэвхтэй болж байгаа нэгэн чиглэл бол хоёр ард түмний хоорондын солилцоо, соёлын харилцааны хамтын ажиллагаа юм. Үүнд Соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эмэгтэйчүүд хүүхэд залуучууд, мөн улаан загалмайн гэх мэт олон талын хамтын ажиллагааг дурдаж болох байна. Энэхүү харилцаа хамтын ажиллагаа нь зөвхөн 2 улсын нийслэл Бээжин Улаанбаатарын хооронд явагдаад байгаа зүйл биш юм. Манай хоёр орон бол харьцангуй өргөн уудам нутагтай учраас 2 нийслэлээс гадна орон нутгийн хэмжээнд хамтын ажиллагаа солилцоо идэхтэй явагдаж байгаа. Ялангуяа хил залгадаг аймаг мужуудын хоорондын хамтын ажиллагаа идэхтэй явагдлаа.
Тухайлбал манай Хөвсгөл аймгаас Хятадын Ляо-нин мужийн зарим орон нутагтай харилцаа тогтоолоо. Энэхүү жишээ Хэнтий, Төв , Архангай, Булган гээд манай гүний аймгуудыг ч оролцуулан нэрлэж болно. Мөн түүнчлэн манай хил залгаа орон нутгууд болон Өмнөговь, Дорноговь, Дорнод эсвэл баруун бүсийн 5 аймаг болох Говь-алтай, Ховд, Баян-өлгий, Увс, Завхан гэсэн аймгуудын хамтын ажиллагааг дурдаж болно. Энэ хүрээнд соёл хүмүүнлэгийн олон бодитой арга хэмжээнүүд хэрэгжиж ирсэн юм.
-Тэгэхээр цаашдаа энэхүү хамтын ажиллагаа улам тэлж өргөжих байх. Ойрын үед төлөвлөж байгаа соёлын харилцаа болон яам тамгын газраас төлөвлөж байгаа үйл ажиллагаа байгаа тэдгээрээс дурдаач?
-Энэ Ес, Аравдугаар сард бол оргил арга хэмжээнүүд ид явагдаж байна. Дээр дурдсан. Одоо энэ 9-р сарын 30-ны өдөр Монгол, Хятадын эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Өөрөөр хэлбэл судлаач эрдэмтэд өөрсдийнхөө үзэл бодол, дүгнэлт таамаглалыг харилцан солилцож Монгол, Хятадын харилцаа өнөөдөр ямар төвшинд хүрээд байгаа вэ? Цаашид ямар чиглэлээр урагшлан хөгжих төлөв ажиглагдаж байна? гэдэг талаар ярилцах чухал арга хэмжээ болно гэж бид үзэж байна.
-Аравдугаар сарын дундуур БНХАУ-д Монголын соёлын өдрүүд зохион байгуулагдана. Дээр дурдсан Монголд Хятадын соёлын өдрүүд явагдлаа гэсэн бол энэ удаад манай БСШУСЯ болон түүний харьяа байгууллагууд Бээжин дахь манай элчин сайдын яам хамтран хариу арга хэмжээн болгон бэлтгэж байна. Энэ бол Тэрбум дөрвөн зуун сая хүн амтай Хятад улсад Монголоо сурталчлах, Соёл урлаг, түүх өнөөгийн хөгжил дэвшлийг харуулах сайхан арга хэмжээ болох юм. Энэ хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн, уран зургийн үзэсгэлэн, Монголын үндэсний урлагийн тоглолтууд, бизнесийн уулзалтууд гээд баялаг агуулгатай үйл ажиллагаанууд явагдана хэмээн харж байгаа.
Түүнчлэн 10-р сард бидний төлөвлөж байгаагаар Монголын уран зохиолыг хятад хэлээр орчуулсан бүтээлийн Ном нээх ёслол болно. Хятадын эртний сонгодог уран зохиол болоод орчин үеийн шилдэг зохиол бүтээлүүдийг монгол хэлээр орчуулсан ном нээх ёслолын арга хэмжээ Улаанбаатарт болон Бээжинд зэрэг явагдана. Аравдугаар сарын дундуур 70 жилийн ойг тохиолдуулсан дурсгалын марк, дугтуйн нээлтийн ажиллагаа болно. Энэхүү бодитой арга хэмжээнүүд явагдахын зэрэгцээ бид өнгөрсөн 70 жилийн түүхийг түүхчлэн архивлан үлдээх чиглэлээр хэд хэдэн ажлууд хийж байгаа. Тухайлбал Монгол, Хятадын харилцаа 70 жил 70 түүх гэсэн гэрэл зургийн томоохон цомог ном хийхээр бэлтгэж байна.
Энэ бүхний зэрэгцээгээр соёл, спорт, урлагийн олон арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хийнэ.
-Баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
/Сэтгүүлч : Ш. Цэрэнпил/
2024-11-25
2024-11-22
2024-11-20
2024-11-19