来源:新闻网:http://mn.news.cn/mn/yw/2019-09/06/c_1124968134.htm
作者:O.Darambazar
2020-08-27
Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн “Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээний хүрээнд, 9-р сарын 5-нд, МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд “Хятадын сонгодог уран зохиол уншигчдын уулзалт, ном хандивлах үйл ажиллагаа” амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэлийн Групп болон Утга Урлагийнхны Холбоо хамтран зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн орлогч дарга Хань Юньшян, Гадаад харилцааны албаны дарга Чяо Саньван, Өвөр Монголын Хэвлэлийн Группын ерөнхий захирал Зэн Хань, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Журамт, орлогч дарга Чэнь Либао, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн орлогч захиралХасбагана, Өвөр Монголын Утга Урлагийнхны Холбооны Орчуулгын Нийгэмлэгийн орлогч дарга Ц.Цолмон, Монголын талаас МУ-ын ГХЯ-ны Хөрш Орнуудын Газрын зөвлөх Я.Ганбаатар, БСШУСЯ-ны Гадаад Харилцааны Газрын орлогч дарга Д.Гарьд, ГХЯ-ны газрын мэргэжилтэн Соёлмаа, МУ-ын “Эрдэм” Их Сургуулийн захирал, академич Т.Дорж, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, МУ-ын Ардын уран зохиолч Т.Галсан зэрэг албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.
Арга хэмжээг нээж БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй: Энэ үйл ажиллагаанд Элчин сайд Шин Хайминийг төлөөлж ирсэндээ баяртай байна. МУ-ын уншигч та бүхний Хятадын тухай ойлголт илүү сайжраасай гэж хүсэж байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, мөн Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаагаараа онцлог юм. Энэ онцлогтой жил Хятадын сонгодог уран зохиолыг Монголын уншигчдад хүргэж байгаа нь билэгшээлтэй үйл явдал юм. "Хятад орныг танин мэдэх" энэхүү соёлын цуврал арга хэмжээгээр дамжуулан, хоёр орны ард иргэдийн итгэлцэл, найрамдалт харилцаа улам бэхжих болтугай хэмээн хүсэж байна гэжээ.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав: Өнөөдөр их чухал үйл явдал болж байна. 8-р сарын 30-наас эхлээд долоон хоногийн турш, Хятадын соёлын цуврал үйл ажиллагаа явуулж байгаа нь хоёр орны хүмүүсийн биенээ ойлгох, танин мэдэх, соёл урлагаар холбогдох ач холбогдолтой сайхан үйл явдал болж байна. Бид саяхан Хятад улсад айлчилсан. Тэр үеэр хоёр орны зохиолчдын бүтээлүүдийг өргөн хэмжээнд орчуулахаар тохиролцсон. МУ-ын чадварлаг орчуулагчдын дуун хөрвүүлсэн Хятадын уран зохиолын бүтээлүүд үнэхээр том бэлэг боллоо гэжээ.
ӨМӨЗО-ны Хэвлэлийн Группийн ерөнхий захирал Зэн Хань: Өнөөдөр тэмдэглүүштэй өдөр тохиож байна. Улаанбаатар Их Сургууль хамтран байгуулсан Хятад ном уншлагын анхны танхимын нээлтээ амжилттай хийлээ. Энэ бол хоёр улсын олон талын хүчин чармайлтын үр дүн юм. Өвөр Монгол газар зүйн хувьд МУ-тай хиллэдэг, мөн угсаатны хэл, зан заншлаараа ижил төстэй, харилцаа нь газар зүйн болон сэтгэлгээний холбоотой байдаг. Өвөр Монголын Хэвлэлийн Групп Улаанбаатар Их Сургууль, МУБИС, Хүүхдийн Төв Номын Сантай найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулж, БНХАУ-ын ном уншлагын танхим байгуулсан. Үүний үндсэн дээр хоёр орны номын зах зээлийн хөгжлийг дэмжих, сургалтын менежментийн загварыг судлах, хамтарсан механизм бий болгох, дижитал сүлжээний технологийг хөгжүүлэх, ашиглах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор жил бүр шагнал гардуулах өндөр төвшний форум, холбогдох бусад ажлыг хийхээр төлөвлөж байна гэжээ.
Өвөр Монголын Утга Урлагийнхны Холбооны Орчуулгын Нийгэмлэгийн орлогч дарга Ц.Цолмон: Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилд, уран зохиолын харилцаа нь соёл урлагийн нөхөрсөг харилцааны хамгийн чухал нэг хэсэг болж, үе үеийн уран зохиолчид уран бүтээлээ харилцан орчуулах, хэвлэх, номын форум хийх зэрэг баялаг хэлбэртэй олон үйл ажиллагаа зохион байгуулж, хоёр улсын ард түмний ойлголцлын гүүр болсоор ирснийг түүхэн замнал харуулж байна гэлээ.
МУ-ын хятад хэлний нэрт орчуулагч Д.Болдбаатар: Манай хоёр орны харилцаа олон мянган жилийн түүхтэй. Энэ дунд соёлын харилцаа, уран зохиолын орчуулгын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Одоо хоёр орны харилцаа хамгийн сайн үедээ байна. Тэр дундаа ном соёлын харилцаа илүү сайн байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотод "Азийн соёл иргэншлийн их хурал" болсон. Энэ үеэр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин тавьсан илтгэлдээ: "Бид хөрш зэргэлдээ улсуудтайгаа 100 шилдэг сонгомол зохиол харилцан орчуулъя” гэсэн. Энэ бол хоёр орны орчуулагчдын хамтын ажиллагаанд маш өргөн боломж нээж байгаа хэрэг юм гэжээ.
Энэхүү сонгодог уран зохиол уншигчдын уулзалт, ном хандивлах үйл ажиллагаа Хятадын уран зохиолын номыг Монголд амжилттай хэвлүүлсний баярыг тэмдэглэх төдийгүй, Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулснаараа ихээхэн ач холбогдолтой юм. Ном хандивлах үйл ажиллагаагаар дамжуулан, Хятадын орчин үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт "Гурван биет”, "Хятадын уран зохиолын дөрвөн сонгодог бүтээл”, "Долдугаар удаагийн Лү Шюний нэрэмжит уран зохиолын шагналт бүтээлүүд” зэрэг номыг бүрэн эхээр нь монгол хэлээр орчуулан хэвлүүлж, уншигчдын хүртээл болголоо.
Арга хэмжээний төгсгөлд, уригдан оролцсон удирдлагууд их сургууль, дунд сургууль, номын сан, хэвлэлийн газар зэрэг нийт 20 байгууллагад эдгээр уран бүтээлийг хандивласан байна.
/Сэтгүүлч О.Дарамбазар, Г.Мөнхтунгалаг, Г.Доржтүвдэн нар мэдээлэв/
2024-11-25
2024-11-22
2024-11-20
2024-11-19