Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, олон улсын харилцааны доктор Галсангийн Батсүхтэй ярилцлаа.
-Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Манай сонин өмнөд хөршид Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүстэй дурсамж ярилцлага хийж байгаа юм. Энэ дугаарт таныг урьж байна. Та Хятад Улсад дөрвөн жил Элчин сайдаар ажиллалаа, энэ жилүүд хоёр орны харилцаанд ямар онцлог жилүүд байв?
-Энэ 2009 он, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд түүхэн онцлог жил болж байна. Өөрөөр хэлбэл хоёр орны харилцааны нэгэн “жаран” дуусаж, шинэ “жаран” эхэлж байна. Жаран жилийн хугацаанд хоёр талын харилцаа үргэлж дардан замаар хөгжиж ирээгүй. Эхэн үе 1949 оноос 1960-аад оны хооронд хоёр орны харилцаа маш идэвхтэй, өргөн хүрээтэй хөгжиж байлаа. 1960-аад оноос олон улсын байдал, дайн, бусад шалтгаанаас болж, хоёр орны харилцаа нэлээд хүндэрсэн. 1980-аад оноос хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд дахин сэргэх хандлага илэрч, маш богино хугацаанд харилцаа сэргэсэн. Ерээд оноос өнөөг хүртэл хоёр орны харилцаа их өргөн хүрээнд эрчимтэй, шинэ агуулгаар баяжин, хөгжиж ирлээ.
-Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойн жил тохиож байна. Ойн жилд олон ажил хийж байгаа. Энэ талаар тодруулна уу?
-Өнгөрсөн жил хоёр орны Гадаад хэргийн Яам Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хамтарсан төлөвлөгөө гаргасан. Нэгдүгээрт, дээд хэмжээний айлчлал харилцан зохион байгуулж, ингэснээр хоёр талын харилцааны тулгамдсан асуудлыг авч үзэх, ойрын жилүүдийн зорилтоо тодорхойлох, тэдгээр зорилтыг хэрэгжүүлэх арга замаа мэдэх, харилцан зөвших. Хоёрдугаарт, худалдаа, эдийн засгийн харилцааг харилцан ашигтай, хоёр талын эрх ашигт нийцсэн арга хэлбэрээр хөгжүүлж, том төсөл хэрэгжүүлэх талаар хамтарч ажиллах. Бас соёл, хүмүүнлэгийн болон боловсролын солилцоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд, батлан хамгаалах харилцааг үргэлжлүүлэх, банк санхүүгийн харилцаа зэрэг тодорхой салбарт хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Олон нийтэд хамгийн ойр хүрсэн ажил гэвэл, соёл хүмүүнлэгийн салбарт, энэ жил БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар манай улсаас 60 залуу Хятад Улсад айлчилж, тус улсын түүх, соёл, орчин үеийн хөгжил дэвшилтэй танилцлаа. Хариуд нь Сичуан мужийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн 60 сурагчийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын урилгаар манай улсад амраалаа.
Манай Элчин сайдын Яамнаас ч ойн жилд ажлын төлөвлөгөө гаргаж, тодорхой ажил зохион байгуулж байна. 2008 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Монгол Улс, БНХАУ-ын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал санаачлан зохион байгууллаа. Энэ нь хоёр орны харилцааны түүхэнд эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг анх удаа сонсож, , “Монгол-хятадын харилцаа”-г ирэх жаранд хэрхэн хөгжүүлэх талаар тэдний гаргасан зөвлөмжийг тусгасан чухал ач холбогдолтой онол, практикийн хурал боллоо.
Бид хятад-монголын найрамдлын хороотой хамтран санаачилж, хоёр орны найрамдлын сарын ажлыг эхлүүлээд гурав хонож байна. Сарын ажлын хүрээнд Бээжин хотод хоёр орны “Харилцааны түүх”-ийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Энэ нь архивын маш ховор, сонин материал, гэрэл зураг тавьсан сонирхолтой үзэсгэлэн боллоо. Энэ үзэсгэлэнг удахгүй Улаанбаатарт гаргана. Хятадын 30 зураачийн уран бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатарт гарч байгаа. Бээжинд бас гаргах ёстой. Аравдугаар сард Монгол Улсын морин хуурын чуулга Бээжин, Хөх хотод бүрэн хэмжээний тоглолт хийнэ.
-Таны Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны төр, засгийн тэргүүнүүд харилцан айлчиллаа. Айлчлалаар худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, уул уурхай, эрчим хүч, батлан хамгаалах, банк санхүү, зам харилцаа, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсан. Эдгээр гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар сонирхвол?
-Худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, уул уурхай, хүмүүнлэгийн салбар нь манай хоёр талын харилцааны уламжлалт салбар. Ялангуяа сүүлийн хорин жилийн турш маш идэвхтэй, тогтвортой хөгжиж байгаа. Хоёр орны худалдаа 2007 онд анх удаа нэг тэрбум, 2008 онд 2,5 тэрбум америк долларт хүрлээ. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал хэдэн арав дахин өссөн үзүүлэлт. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд Хятад Улсаас олгож байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж, дэмжлэгээр амжилттай хэрэгжиж байгаа олон төсөл бий. Уул уурхайд Хятадын хувийн хэвшлийн болон төрийн өмчийн том, бага олон компани үйл ажиллагаа явуулж байна.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд шинээр хамтарч ажиллаж эхэлж байгаа салбарууд бий. Жишээлбэл, эрчим хүчний салбарт нүүрс хамтарч олборлоод, дулааны цахилгаан станц хамтран барьж, эрчим хүч гарган Монголын хэрэгцээг хангах төдийгүй, Хятад Улсад экспортлох шинэ хэлбэр байна. Цаашдаа цөмийн энергийн салбарт хамтарч ажиллах боломж нээгдэж байна.
Батлан хамгаалах салбарт сүүлийн таван жилд маш амжилттай хамтран ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь, 60 жилийн харилцааны түүхэнд анх удаа “Энхийг сахиулах” чиглэлээр хамтарсан цэргийн сургууль хийсэн. Энэ нь улс төрийн итгэлцлийг цоо шинэ шатанд гаргалаа. Мөн жил бүр “улс төрийн зөвлөлдөх уулзалт” хийж байна. Сүүлийн хоёр жилд хоёр улсын нутагт болж буй олон улсын чанартай хээрийн сургуулиудад ажиглагч байгууллагуудаа оролцуулж эхэллээ. Өнгөрсөн жил Таван толгойд болсон “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуульд Хятад Улсын цэргийн баг ажиглагчаар оролцсон. Манай цэргийн баг мөн Хятад Улсын нутагт болсон олон улсын чанартай цэргийн хээрийн сургуульд ажиглагчаар оролцлоо. Энэ долоо хоногт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд Хятад Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлалаар батлан хамгаалах болон цэргийн хамтын ажиллагааны чухал асуудал авч хэлэлцэнэ. Энэ агуулгаар “Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, шинэ агуулгаар баяжиж, шинэ хэлбэрээр хэрэгжиж байна” гэж үзэж болно .
Банк, санхүүгийн салбарт хоёр талын төв банкууд төгрөг, юанийг солилцох хэлэлцээ хийж байна. Арилжааны банкуудын хооронд зээлийн болон худалдааны төлбөрийн яриа хэлэлцээ хийж байна.
Хоёр орны зам тээврийн яам, төмөр замын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд Монгол Улсын нутагт төмөр зам, авто замын сүлжээ бий болгох асуудлаар судалгаа, яриа хэлцээ хийж байна. Төмөр зам, авто замын сүлжээг бий болгосноор, Хятад Улсын төмөр зам, авто замын сүлжээ, улмаар Азийн төмөр замын сүлжээтэй Монгол Улс холбогдож, экспорт, импортын тээврийг өөрийн нутагт богино хугацаанд хурдан гүйцэтгэх боломжоор хангагдаж, транзит тээврийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Агаарын тээврийн харилцаа шинэ хэлбэр, агуулгаар хэрэгжиж эхэллээ. Манай хувийн хэвшлийн болон төрийн өмчит компаниуд Хятад Улсын Бээжин төдийгүй, өөр хотуудад нислэг хийх асуудал ярилцаж байна. Саяхан манай “Изинис авиа” компани Хайлаар хот руу нислэг хийж эхэллээ. Урумч-Улаанбаатар, Урумч-Ховд-Улаанбаатар чиглэлээр нислэг хийх тухай ярилцаж байна. Хөх хот-Улаанбаатар, Тэнжин-Улаанбаатар хоорондын нислэгийг дахин сэргээх, Эрээн хотын нисэх буудал барьж дуусч байгаатай уялдан, энэ хотоор дамжин нисэх нислэгийн тухай ярилцаж байгаа нь агаарын тээврийн харилцаа шинэ хэлбэр агуулгаар баяжина гэсэн үг. Иймээс “Хоёр орны харилцаа сүүлийн дөрвөн жилд өргөн хүрээтэй, идэвхтэй, шинэ агуулгаар баяжин хөгжиж байна” гэж хэлж болно.
-Та Канад Улсад Элчин сайдаар ажиллаж байгаад шууд Бээжинд ирсэн. Хятад Улс манай улсын их хөрш, худалдаа, эдийн засгийн гол түнш. Энд таны ажлын болоод мэргэжлийн туршлага хэрэгтэй байсан байх. Канад, Хятад Улсад Элчин сайдаар ажиллахад ажлын ялгаа, онцлог нь юу байв?
-Канад Улс бол “Их найм”-ын гишүүн, хүчирхэг эдийн засагтай том орон хэдий ч Америкийн Нэгдсэн Улстай харьцуулбал эдийн засаг, газар нутгаар жижиг улс. Манайх том Хятад Улстай хиллэдэг жижиг Монгол Улс. Энэ утгаараа энэ хоёр орны зовлон, жаргал нь ижил. Өөрөөр хэлбэл, “Том эдийн засагтай жижиг эдийн засаг яаж харьцах, өөрийгөө яаж авч явах, том гүрний хөгжлөөс яаж хожиж, ашигтай ажиллах, том гүрний хөгжлийг дагаж хөгжих, өөрийн орны төрх, өвөрмөц соёл иргэншлийг алдахгүй байх” гэсэн зовлон жаргал нь төстэй.
Энэ утгаараа миний Канадад ажилласан дөрвөн жил, Хятад Улсад ажиллахад их тус болсон. “Хятад Улсын үсрэнгүй хөгжил, манайд олгож байгаа их боломжийг яаж Монгол Улсдаа ашигтайгаар авч үлдэх вэ” гэсэн бодлыг сэтгэлдээ тээж дөрвөн жил ажиллалаа. Дөрвөн жилийн хугацаанд өөрийн санасан бодсоноо бүгдийг хэрэгжүүлсэн гэвэл худал аа. Зарим асуудал эхнээсээ хэрэгжиж эхэлж байна. Гадаад харилцааны үр дүн нэг хоёр жилд гардаггүй. Нэгд, Элчин сайдын бодож, төлөвлөж, хөөцөлдөж явсан ажил дараа дараагийн Элчин сайдын үед дамжиж хэрэгждэг жамтай. Нэлээд ажлыг хэрэгжүүлэх эхлэл тавилаа.
Жишээлбэл, Би 2005 оноос “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг санаачлан ажиллаж, хөөцөлдсөний үр дүнд хөтөлбөртэй боллоо. Энэ хөтөлбөрийг 2008 онд хоёр орны Засгийн Газар батласан. Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа, өөрийн баримталж, хөгжих төлөвлөгөөтэй, дүрэм, журамтай болсон гэсэн үг. Мөн худалдаа, эдийн засгийн харилцааг бодлогоор жолоодох, шинээр үүсч байгаа салбаруудын харилцааг гольдролд нь оруулах чиглэлд, хууль эрхийн орчныг бүрдүүлэх талаар салбар бүхэнтэй тулж ажиллалаа.
Тухайлбал, хилийн боомтуудын үйл ажиллагааны бодлого бий болгох хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр манай орны хувьд олон улсын стандартад нийцсэн дэд бүтэц бүхий боомт Эрээн, Замын-Үүдэд л байна шүү дээ. Тэр нь ачаагаа дийлдэггүй. Монгол Улс, БНХАУ-ын хилийн нийт урт 4700 километр. Энд Эрээн, Замын Үүдийн дайтай таваас зургаан боомт бий болгож, төмөр зам, авто замаар холбож, Монголын экспортын бараа төдийгүй, Европ, Ази, Зүүн өмнөд Азийн орнуудын олон улсын транзит барааг өөрийн нутагт богино хугацаанд, хурдан шуурхай тээвэрлэж чадвал, Канад Улс Америкийн эдийн засгийн нөлөөг өөртөө ашигтайгаар тусгасан боломж нь манайд Хятадаас бүрдэж болох юм. Ийм учраас хилийн боомтын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хоёр талаасаа тодорхойлох механизмтай болъё, бодлого хөтөлбөр гаргая гэсэн саналыг хоёр талдаа тавьж ажиллаж байна.
Энэ дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зүтгэж, хөөцөлдсөн нэг ажил бол 60 жилийн хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан маш олон гэрээ хэлэлцээр,санамж бичиг, протоколтой холбоотой. Олон жилийн дараа ихэнх баримт бичиг хэргээ хийсэн, шинэчлэх шаардлагатай, зарим нэг бичиг баримтыг аль аль тал нь мэдэхээ байсан, зарим нь бүр олдохоо больсон байх жишээтэй. Тийм учраас олон улсын практикт гэрээ хэлэлцээрт тооллого явуулж, шинэчлэх, зарим гэрээг хүчингүй болгодог арга бий. Энэ ажлыг хоёр жилийн өмнөөс зохион байгуулсны үр дүнд хоёр тал баримт бичгээ тоолж тулгаад, цаасан дээр буулгаад авлаа. Одоо хоёр тал цаасан дээр буулгасан баримтаа харилцан тулгаад, хэргээ хийсэн хуучин баримтуудыг хүчингүй болгож, шинээр гэрээ байгуулах ёстой юм. Энэ ажил нэлээн урагштай байна, ойрын үед дээд хэмжээний айлчлалын үеэр тохирох ёстой. Жишээ нь, танай салбарт ч гэсэн СИНЬХУА, МОНЦАМЭ агентлагийн хооронд байгуулсан хэлэлцээр нь үеэ өнгөрөөсөн, зарим шинэ төрлийн ажил хийе гэхээр хуучин хэлэлцээр нь олдохоо больсон байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ асуудлыг гаргаж тавьсан.
Энэ хоёр оронд Элчин сайдаар ажиллахад мэдэрсэн ялгаа юу гэвэл: Канад Улс Монгол Улсын зөвхөн уул, уурхайн салбарт хамгийн том хөрөнгө оруулагч. Монгол, хятадын харилцаа нь монгол, канадын харилцаанаас бүх талаараа олон зуу дахин илүү. Хятад Улс бол хөрш орон, худалдааны хамгийн том түнш, монгол хүн хамгийн олноор зорчдог, хамгийн олон оюутан сурдаг, хамгийн том хөрөнгө оруулагч гээд маш их ялгаатай. Хөрш орнууд учраас харилцааны төвөгтэй ч асуудал бий, амархан ч асуудал бий. Ийм учраас “Тухайн хүнээс их мэдлэг, хүч хөдөлмөр, нарийн анхаарал шаардсан харилцаа энд байна” гэж би үздэг.
-Хятад Улсаас Монгол Улсад нэлээд хэмжээний буцалтгүй тусламж өгдөг, өнгөрсөн дөрвөн жилд хичнээн хэмжээний тусламж өгч, ямар ямар төсөл хэрэгжүүлсэн бэ?
-2004-2008 онд БНХАУ-аас Монгол Улсад нийт З60 сая юаны буцалтгүй тусламж олгосон. Үүнээс хамгийн том нь спортын ордон барих төсөл, ахмадуудын орон сууц барих төсөл. Үүнээс гадна 300 сая америк долларын хөнгөлөлттэй зээл бий. Зээлийн мөнгөөр таван төрлийн төсөл хэрэгжүүлэх ёстой. Энэ мөнгөний нэг хэсгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна. Мөн баруун аймгуудын замыг сайжруулж, зам тавих төсөл хэрэгжинэ.
-Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал эхэлсээр нэг жил өнгөрлөө Монгол Улс, БНХАУ-ын энэ оны худалдааны дүнг өмнөх онуудынхтай харьцуулбал?
-Энэ жил хоёр орны худалдаа, нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн хямрал, хоёрдугаарт, Хятад Улс манайхаас авдаг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унасан, авах хэмжээ багассанаас шалтгаалж, энэ оны эхний долоон сарын байдлаар экспорт 1,39 сая доллараар буурсан, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 4.06 сая доллараар буурсан. Импорт энэ оны эхний долоон сард 320 сая америк доллараар буурсан, ноднингийн мөн үеийнхтэй харьцуулбал 380 сая америк доллараар буурсан үзүүлэлттэй байна.
-Та нэлээд ачаалалтай ажилладаг бололтой, удахгүй томилолт дуусч нутаг буцна, үлдэж буй хугацаанд танд амжуулах ажил байгаа биз?
-Сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Энэ хооронд хийх ажил маш их байна. Айлын талаас өндөр хэмжээний айлчлал хийнэ байх. Өнөөдрийн байдлаар тов нь гараагүй байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао манай улсад айлчилж магадгүй. Айлчлал хийхээ удахгүй нотлоно. Дараа нь Монгол Улсын Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлал болно. Ирэх 10 дугаар сард айлчлах байх. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын Ерөнхий сайд нарын дээд хэмжээний уулзалт Бээжин хотод болно. Аравдугаар сарын 13-нд дипломат харилцаа тогтоосны ойн хүлээн авалт болно. Мэдээжээр, ажлаа дуусгаад явж байгаа элчин сайдын хувьд айлын талын төр, засгийн байгууллагуудын удирдлагатай “Үдэлтийн уулзалт” хийх ёстой. Манайтай харилцаатай бүхий л салбарын сайд, удирдлагатай уулзахыг хүсч байгаа. Бээжингээс Монгол Улсыг хамаардаг 72 хоёр Элчин сайд, 11 олон улсын байгууллага байдаг. Монгол Улстай хамгийн идэвхтэй харилцаатай байдаг 20 орчим Элчин сайд болон олон улсын байгууллагын удирдлагуудтай салах ёс гүйцэтгэх ёстой.
-Идэвхтэй ажилладаг орнууд гэлээ, тодруулна уу?
-Арабын булангийн орнууд, тухайлбал, Катар, Кувейт, Арабын Эмират, Саудын Арав, Европын орнуудаас Итали, Швейцар, Израиль зэрэг орны Элчин сайдын Яам бидэнтэй маш идэвхтэй хамтран ажилладаг.
-Та хоёр орны өнөөгийн улс төрийн харилцааны талаар ямар дүгнэлт өгөх вэ?
-Хоёр талын харилцаа, өнөөдөр харилцааны “Алтан үе” буюу 1949-өөс 1960 оны үеийн харилцааны түвшинд эргэн очих үе шатандаа орж байна гэж дүгнэж болно. Улс төрийн хувьд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж, тогтмолжсон, цэргийн салбарт харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд гарсан. Худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжсөн, идэвхжсэн, шинэ салбарууд нэмэгдэж, шинэ агуулгаар баяжсан. Соёл, хүмүүнлэгийн харилцаа тогтмолжиж, агуулга нь өргөжсөн. Өөрөөр хэлбэл, “сайн хөршийн харилцан итгэлцэх түншлэл, шинэ агуулга, шинэ хэлбэрээр баяжиж, маш эрчимтэй хөгжиж байна” үзэж болно.
-Хятад Улсын Засгийн газрын тэтгэлгээр болон хувийн зардлаар одоо хэдэн оюутан сурч байна, тэтгэлэгт оюутны тоо цаашид нэмэгдэх үү?
-Засгийн газрын тэтгэлгээр жилд бакалавраар 40 гаруй, дээр нь мэргэжил дээшлүүлэгч магистр, докторантурт суралцах гээд бүгд 2300 оюутан байна гэсэн тоо гардаг. Хувийн зардлаар бага, дунд, их, дээд сургуульд суралцаж байгаа сурагч оюутны тоог гаргах боломжгүй. Том хотуудаас гадна хөдөө, жижиг тосгонд ч байна. Ямар нэгэн асуудал үүсэхээрээ Элчин сайдын Яаманд ханддаг. Тэр үед нь хаана сурч, амьдарч байгааг мэдэхээс өөрөөр судалгаа тоо гаргах боломжгүй.
-БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ баярт манай улсаас зочид, төлөөлөгчид оролцох уу?
-Манай Элчин сайдын Яамаар дамжуулж хүн уриагүй, Улаанбаатарт байгаа Элчин сайдаараа дамжуулж урьсан байж магадгүй. Энэ тухай одоогоор манай яаманд мэдээлэл алга.
-Та манай сонины уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу?
-Би сүүлийн хориод жил гадаад харилцааны салбарт ажиллаж байна. 1992- 1995 онд Бээжин дэх Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь АНУ-д “Пи эйч Ди”-гийн докторантурын сургуульд суралцахын дашрамд Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчөөр ажиллаж байлаа. 2001 оноос Канад Улсад дөрвөн жил Элчин сайдаар ажилласан, 2005-2009 онд БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байна. Эзэмшсэн үндсэн мэргэжил эдийн засагч, олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны мэргэжлээр доктор цолтой. Гэр бүлийн хувьд, миний эхнэр Лааганы Алимаа гэдэг хүн бий.
Микробиологийн багш мэргэжилтэй. Сүүлийн арав гаруй жил хувь тавилангаар намайг дагаж гадаадад байсаар мэргэжлийн ажлаа хийж чадсангүй. Уул нь МУИС-д багшилж байсан. Хоёр хүүтэй. Америк, Канадад боловсрол эзэмшсэн. Том хүү тусдаа гарсан, Канадад ажиллаж, амьдарч байна. Бага хүү Бээжинд америкийн компанид ажилладаг.
-Аль нутаг усны хүн билээ, нутагтаа ойрд очсон уу?
-Би Ховд аймгийн Үенч сумын уугуул. Арваад хоногийн өмнө Урумчид болсон олон улсын яармаг үзэсгэлэнгийн үеэр, өмнө нь Ховдод болсон баруун аймгуудын хөрөнгө оруулагчдын чуулганд оролцох үед нутагтаа очсон.
-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!
Ж.Ариунболд
2024-11-18
2024-11-15
2024-11-14