来源:新华网:http://mn.news.cn/mn/tpxw/2020-02/19/c_1125595210.htm
作者:B.Bolortsetseg
2020-08-28
2-р сарын 18-нд Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх тэргүүтэй тус нийгэмлэгийн гишүүдийн төлөөлөл БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд зочилж, шинэ коронавирусийн дэлгэрэлтийн сүүлийн үеийн байдал болон хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож, өвчин хижгийн эсрэг Хятадын Засгийн газар, ард түмний хийж буй тэмцлийг дэмжин, 16 сая 500,000 төгрөгийн хандив өргөсөн байна. Элчин сайд Цай Вэньрүй тэдэнтэй уулзан ярилцаж, хандивын мөнгийг талархан хүлээж авлаа.
Элчин сайд Цай Вэньрүй, Г.Батсүх тэргүүтэй Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн зүгээс олон жилийн турш Хятад, Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх үйлст гүйцэтгэсэн нааштай үүргийг өндрөөр үнэлээд, ЭСЯ-ны зүгээс Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн үйл ажиллагааг үргэлжлэн дэмжин ажиллана гэж илэрхийлэв.
Элчин сайд Цай Вэньрүй өвчин хижгээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих, эмчлэн засах зэрэг талаар Хятад улсын авч хэрэгжүүлж буй үр ашигтай арга хэмжээнүүдийг танилцуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээр гол цөм болгосон ХКН-ын Төв Хорооны удирдлага дор, Хятадын ард түмэн эв санаа нэгтэйгээр эрч хүчээ нэгтгэн шаргуу ажиллаж, Хятадын онцлогтой социалист байгууллын давуу талаа бүрэн бадруулж, өвчин хижгийг лавтай ялна гэдэгт итгэлтэй байна гэж онцолжээ.
Г.Батсүх Цай Вэньрүйн элчин сайдаар томилогдсонд баяр хүргэлээ. 2019 онд Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэг хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд ард иргэдийн харилцааны чиглэлээр маш олон арга хэмжээ зохиож, Хятадын талын дорвитой дэмжлэгийг хүлээсэн юм. Эдүгээ, Хятадын ард түмэн шинэ коронавирусийн эсрэг шуурхай тэмцэж байгаа энэ цаг мөчид, Монголын ард түмэн болон манай нийгэмлэгийн зүгээс Хятадын ард түмэнтэй сэтгэл санаа, эрч хүчээ нэгтгэн, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, өвчин хижгийг хамтдаа даван туулахад бэлэн байна гэж илэрхийллээ. /сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/
2024-11-18
2024-11-15
2024-11-14