来源:https://dnn.mn/%D0%BC-%D1%87%D0%B8%D0%BC%D1%8D%D0%B4%D1%86%D1%8D%D0%B5%D1%8D-%D0%BA%D2%AF%D0%BD%D0%B7%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BB%D1%8B%D0%B3-%D0%BE%D1%80%D1%87%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B4-
作者:Gansaruul
2020-09-24
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Күнзийн институтийн Монгол талын захирал, доктор, профессор, хятад судлаач М.Чимэдцэеэтэй ярилцлаа.
-Та тэгэхээр дөчөөд жил нэг салбартаа тасралтгүй ажиллажээ?
-1979 онд их сургууль төгссөнөөсөө хойш 41 дэх жилдээ монгол, хятад хэл, соёл, орчуулга судлалын энэ салбарт ажиллаж байна.
-Өнөөдрийн хувьд монголчуудаас Хятад улсыг хэл, соёл талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тасралтгүй олон жил судалж байгаа ганц хүн нь та болчихоод байна гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болно оо. Миний хувьд энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь мөн байх аа. Би Хятадад янз бүрийн хурал, чуулганд оролцож, олон очдог л доо. Дэлхийн олон орноос судлаач, эрдэмтэд ирнэ. Тэд надад нэг үгийг олонтаа хэлдэг юм. Юу вэ гэхээр, “Танай Монгол Улс бол үнэнхүү аз заяатай орон” гэцгээнэ. Яагаад вэ гэж би асууна. Танайх бол дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрэнтэй хөршилдөг. Ийм аугаа хоёр том оронтой хөршилдөг орон бол өөрөө аугаа гэдэг юм. “Монгол Улс, Монголын ард түмэн туйлын заяатай. Бид Африкаас, Америкаас хэдэн орон дамжиж, хэдэн арван цаг нисэж байж сая Хятадад ирдэг. Гэтэл танайх бол огт өөр. Энэ бол туйлын их аз завшаан” гэж хэлдэг юм. Бид энэ давуу талыг зөв сайтар ашиглах ёстой юм л даа. Мэдээж том гүрний дэргэд байгаа жижиг улсад олон зовлон бий. Хятадын ном зохиолд ч бичсэн нь буй. “Томд томын зовлон буй, багад багын зовлон буй” гэж. Тэгэхээр том гүрэнд ч өөрийн зовлон байдаг, бага улсад ч өөрийн зовлон байдаг. Гэхдээ зовлон гэхээсээ илүүтэй хөршилнө гэдэг туйлын чухал зүйл. Тийм учраас бидний өмнө тулгарч буй хамгийн том асуудал бол хөршүүдээ маш сайн судлах, мэдэх, таних шаардлагатай. Бид Орос гүрэнтэй 70 гаруй жил сайн харилцаатай явсан, одоо ч сайн хэвээр байна. Оросыг бол харьцангуй сайн судалсан байна. Хятадтай харилцаа яривал хэдэн мянган жилээр ярина. Гэхдээ Хятадыг тийм сайн судалсан уу гэвэл бас тийм биш. Зөрүү буруу ойлголт их байна. Дунд нь харилцааны янз бүрийн цаг үеүдээс үүдээд хүмүүсийн хооронд ойлголтын элдэв гажуудал гарсан байдаг. Тэгэхээр бид Хятадыг байгаагаар нь ойлгох ёстой юм. Судлах ёстой. Сайныг нь сайнаар нь, мууг нь муугаар нь. Өөрөөр хэлбэл, ямар эрсдэл байгааг судлах хэрэгтэй, ямар давуу тал байгааг ч судлах хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс цаашдаа энэ хоёр улстай мөнхийн хөрш явна шүү дээ. Тиймээс бид хөршүүдээсээ айж дөлөхөөсөө илүүтэй ойртож нягтрах ёстой гэж боддог.
-Хятад улс бидний урдхан талд асар өндөр хөгжилд хүрч шинжлэх ухаанчаар алив зүйлд хандаж байгаа ч тэднийг нэгтгэж, нэг зүгт харуулдаг зүйл нь Күнзийн сургаал юм болов уу гэж анзаарагддаг. Хятадын хөгжлийн үндсийг нь хятад хүнтэй холбож үзээд байна л даа?
-Хятад хэлтэй, хятад судлалыг оролддог хүний хувьд харахад, Хятадад нэг том давуу юм байна л даа. Тэр нь юу вэ гэхээр, Хятад бол бодлоготой, чиглэлтэй, алс хэтийн туйлын зорилготой. Тэрэндээ хүрнэ гэсэн аугаа хүсэл эрмэлзэлтэй. Хятад улс бодлогоо зуун жилээр төлөвлөж байна. Хятадад “хоёр 100 жилийн зорилт” гэсэн том зорилт дэвшүүлээд хэрэгжүүлж байна. Хятадын мөрөөдлийг дэвшүүлээд байна. 2050-иад он гэхэд Хятад улс ямар хэмжээнд хүрсэн байх вэ гэдгийг аль эрт тодорхойлчихсон, 100, 100 жилээр нь төлөвлөчихсөн байна. 100 жилийн тэр том аугаа төлөвлөгөө өөд Хятадын бүх ард түмэн, хятад хүн тэмүүлж байна шүү дээ. Тэр нь аугаа их хүч. Ард түмний хүсэл сонирхол, эрх ашиг, жирийн хүний мөрөөдөлд нийцсэн тийм алс хэтийг харсан аугаа бодлогыг дэвшүүлж тавиад түүн рүүгээ зорино гэдэг амжилт олохын үндэс болж байна л даа. Тэгэхээр бид үүнээс суралцах ёстой юм. Манайд тийм том зорилт байна уу гэвэл хэлэхэд хэцүү. 100 жил байтугай 10 жилийн, 10 жил байтугай дөрвөн жилийн тогтвортой бодлого байна уу гэхэд хэцүү. Хятад улсын тавьсан зорилгыхоо төлөө тэмүүлдэг тэр байдлаас нь бид суралцаж, жишиг авах ёстой. Тэрэнтэй адил Монгол Улсын 100 жилийн зорилтыг бий болгоод Монголын ард түмэн тэрхүү зорилго өөдөө тэмүүлэх шаардлагатай байна шүү дээ. Хоёрдугаарт, Хятадын бодлого нь тов тодорхой, байна. Гэнэтийн бодлого, шийдвэр гарах нь бага. Эртний Хятадын их сэтгэгч Күнзийн хэлсэн “Хүмүүн холын бодол үгүй аваас, ойрын зовлон оршмуй” гэсэн үг байдаг л даа.
-Хятад хүмүүсээс авч хэрэгжүүлмээр авууштай ямар нийтлэг чанар байдаг вэ?
-Хятад хүний олон нийтлэг чанар бий. Хятад хүн хэзээ ч бусдын дээр өөрийгөө тавьдаггүй. Нийтлэг утгаар нь хэлбэл, би гэх үзэл бараг үгүй хэмээдэг.
-Би-гийн үзлээс ангижирчихсан хүмүүс үү?
-Би- гээс илүү Бид гэх үзэл илүү хүчтэй байдаг. Бид хийнэ гэж үздэг. Бид төвтэй үзэл маш хүчтэй. Бусдаас өөрийгөө дээгүүр тавих үзэл хятад хүнээс бага ажиглагддаг. Хоёрдугаарт, Хятадад үг бий. “Хүчит салхи болоход туяхан хулс бөхийн налж, хүчит салхи өнгөрсний дараа дахин өндийнө босч ирдэг” гэдэг. Энэ бол Хятадын бас нэг философи юм. Өөрөөр хэлбэл, чи бусдын өмнө даруу бай, төлөв бай. Бүү сагсуур. Бүү баярх гэсэн үг. Ийм чанар хятад хүмүүст их түгээмэл байдаг. Манайхан тэрийг нь тэр болгон мэдэрдэггүй. Үүнийг би маш өргөн түгээмэл утгаар нь ярьж байна шүү дээ. Хувь хүн дээр бол янз бүрийн хүн байж болох. Эртний их гүн ухаантан Сократаас нэгэн хүн “Тэнгэр, газрын хооронд хэр зайтай вэ” гэж асуухад “Тэнгэр газрын хооронд зургаа, долоон тохой өндөр” гэж хариулжээ. “Тэгвэл нас биед хүрсэн хүн яаж тэнгэр, газар хоёрын хооронд багтаж явах буй” гэхэд “Тийм учраас та бөхийж явах ёстой” гэсэн байдаг. Энэ чинь бас үүнийг л хэлсэн үг шүү дээ. Ийм зүйл хятад хүмүүсээс байнга ажиглагдана. Гуравдугаарт, хятад хүн туйлын прагматик сэтгэлгээтэй. Үүнийг бид аж сэтгэлгээ гэж орчуулж байна л даа.
Аж гэдэг нь юманд бодит ханддаг. Ажил хэрэгч чанар гэсэн үг. “Монгол хүн санаа бодлоо ярьдаг, хятад хүн тоо тооцоо ярьдаг” гэсэн үг бий шүү. Бид хятад хүмүүстэй уулзаад ярихаараа том том тоо, том том төлөвлөгөө яриад байгаа мөртлөө бодитой тооцоо судалгаа бага. Хятад хүн бол тооцоо судалгаатай. Манай улсын Хятадтай харилцах харилцаанд дутагдаж байгаа нэг зүйл бол энэ юм. Хятад улс “Нэг бүс-нэг зам” гээд стратегийн том санаачилга дэвшүүлсэн. “Нэг бүс-нэг зам” санаачилгад Хятад улсыг оролцуулаад дэлхийн 65 орон багтдаг. Нэг чухал гишүүн нь Монгол Улс. Бид энэ санаачилгад нь хэрхэн оролцож байна вэ гэхээр одоо болтол хөлөө төдийлөн сайн олоогүй л явж байна. Цаасан дээр гаргасан жагсаалт бий, бодитой тоо, тооцоо, судалгаа байна уу гэхээр бараг үгүй. Тэгэхээр хятад хүний аж сэтгэлгээ бол Хятад улсын хөгжилд маш чухал нөлөө үзүүлж байна шүү дээ. Юманд бодитой ханддаг, бодитой хийж хэрэгжүүлдэг. Хятадын дарга нарын хэлдэг үг бий. “Хий хоосон яриваас гүрэн улс мөхнө. Хийж бүтээвээс гүрэн улс цэцэглэнэ” гэж хэлдэг. Тиймээс хий хоосон ярихаас хийж бүтээх нь чухал. Үүнтэй холбоотойгоор Хятад улсад сүүлийн жилүүдэд маш хүчтэй ярьж байгаа зүйл бол инноваци байна. “Инноваци, инноваци, бас дахин инноваци” гэдэг уриа дэвшүүлсэн. Хуучин бол хөрөнгө оруулалт, хүн хүчийг нэмэгдүүлэх замаар хөгждөг байсан бол одоо инновацийн хүчээр, бага хүчээр өндөр үр дүн, өндөр үр ашигт хүрэх тэр чиглэл рүү явж байна. Монгол Улс энэ бүхнээс нь хоцрохгүй байх хэрэгтэй. Одоо бол бид зэрэгцэх гэдэг ойлголт хэцүү болсон. Харин амдах гэдэг ойлголт руу орох ёстой.
-Бидэнд хятадуудын талаар нийтлэг гэмээр ойлголт бий л дээ. Тэрэнтэй адил хятадууд биднийг ер нь юу гэж үздэг бол. Тэд монголчуудын тухай хоорондоо юу гэж ярьдаг вэ?
-Хятад том гүрэн. 1.4 тэрбум хүн амтай. Тэр бүх хүн Монголыг мэддэг гэвэл худлаа. Монголыг мэддэггүй нь түм, бумаараа бий. Монголын тухай буруу зөрүү ойлголттой хүн бас өчнөөн олноороо байна. Харин дээд түвшинд, улс төрийн дээд түвшинд Монголыг маш сайн мэддэг, ойлгодог шүү дээ. Тэр талаар давуу талтай. Хоёрдугаарт, өнөөдөр Монгол Улс, Хятад улсын хооронд шийдвэрлэгдээгүй улс төрийн нэг ч асуудал байхгүй, бүх асуудал шийдэгдсэн гэж үздэг. Харилцаа хөгжих таатай нөхцөл нэгэнт бүрэлдсэн. Хятадын дээд түвшинд “Монгол Улс бол манай Хятад улсын хойд талын хамгийн чухал хөрш улс” гэж үздэг. Энэ ч гэсэн Монголын нэг том давуу тал.
Монгол Улс, Хятад улсын хооронд харилцан бие биенээ хүндэтгэсэн, эрх тэгш зарчмын үндсэн дээр харилцаа хөгжиж байна.Том, багын ялгаа байдаггүй. Хэмжээ багтаамжийн хувьд бол бага байж болно. Монгол Улсын Хятад улстай хийж байгаа худалдаа нь Хятад улсын нийт гадаад худалдаанд эзлэх хувь мэдээж бага. Бид эндээ “Манайх юмаа өгөхөө больчихвол Хятад улс хэцүүднэ” гэж ойлговол буруу болно.
-Орчин үеийн хятад хүн гэж хэн бэ?
-Хятадад очих болгонд өөрчлөлт гарч байдаг. Өөрчлөлт бол зөвхөн өндөр байшин гэдэг утгаараа биш. Хятад хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, соёл, боловсрол, хандлага байнга өөрчлөгдөж байна. 1986 онд анх Хятадад очиход байсан хятад хүмүүс өнөөдөр огт байхгүй, бүхэл бүтэн нэг үе өнгөрчихсөн. Тэр үеийн хүмүүсийн соёлын түвшин, өнөөдрийн хүмүүсийн соёлын түвшин асар их ялгаа, зөрүүтэй болчихсон. Өнөөдрийн хятад хүн бол дэлхийн өмнө нүдээ нээчихсэн, дэлхийг таньсан, дэлхийг мэдэрсэн тийм хүмүүс байна. Хятадад англи хэлээр ярьдаггүй хятад хүн бараг байхгүй болсон. 60, 70 настай их сургуулийн профессороос эхлээд хорин хэдэн настай залуус гээд бүгд англиар ярьдаг болсон байна. Бидний харилцаад байгаа соёл, боловсролын салбарт ажилладаг хүмүүс ганц англи биш 2-3 гадаад хэлээр ярьдаг. Тийм хятад хүн маш олон болсон. Хоёрдугаарт, Хятад улс сүүлийн 40 жилд үүд хаалгаа гадаад ертөнцөд хүчтэй нээсэн. Үүнийг дагаад барууны соёл маш ихээр орж ирсэн байна. Барууны ном бичиг, соёл ихээр нэвтэрч байна. Өнөөдөр баруунд хэвлэгдсэн ном бараг маргааш нь Хятадад орчуулагдан гарч байх. Ийм хурдтай болсон. Хятад хүмүүсийн амьдрал том хөгжил, хөдөлгөөн дунд байна. Тэр хүмүүст зав чөлөө байхгүй. Илүү дутуу юм хийгээд явах боломжгүй. Нийгмийн эрчимтэй хөгжлийн эргүүлэгт орчихсон, түүнийг дагаж хятад хүмүүс маш их зүтгэж байна шүү дээ. Дээр нь үр хүүхдээ хүмүүжүүлнэ, өөрийгөө хөгжүүлнэ. Энэ бүхэн нь Хятад улсын хөгжилд маш том түлхэц болж байна. Тэр утгаараа иргэд нь нийгмээ хөгжүүлж байна. Үүнийг хүн төвтэй хөгжил гэдэг.
-Энэ бүхэнд нь Күнзийн сургаал холбоотой байх?
-Маш их холбоотой.
-Та Күнзийн институтийн Монгол талын захирал. Тэгэхээр та алимны үрийг нь судалж байна?
-Хятад хүний амьдралын хэв маяг, хятад хүний ертөнцийг үздэг үзэл, хятад хүмүүсийн ёс суртахуунтай холбоотой юм. Өнөөдрийн хятад хүнийг сайн танья, мэдье, судалъя гэвэл хүссэн хүсээгүй Күнзийн сургаалтай ямар нэг хэмжээгээр холбогдох шаардлагатай болдог. Хятад хүний амьдралын хэв маяг болгон Күнзийн сургаалтай холбоотой. Хятад улсын төрийн бодлого ч холбоотой.
Би ер нь өөрийн зөн совинд итгэдэг хүн л дээ. Намайг хэн ч Күнзийн номыг орчуул, судал гэж шаардаагүй, хэн ч санал хэлээгүй. Би 1991 оноос Энхтайван найрамдлын байгууллагуудын холбоонд ирж ажилласан юм. Тэнд би Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн ажлыг хариуцаж ажилласан. Уг холбоо нь Гадаад хэргийн яамны дараа орох, ардын дипломатын бодлого хэрэгжүүлдэг хоёр дахь жижиг Гадаад хэргийн яам шиг тийм байгууллага байлаа шүү дээ. Маш том хэлний мэргэжилтнүүд ажилладаг газар байсан. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт ажиллах хугацаанд Хятад руу олон дахин явах боломж нээгдсэн. Би жилд бараг 4-5 удаа явна. Тэгж явахад очсон газар болгонд ажиглагддаг зүйл бол Хятадын янз бүрийн түвшний хүмүүс Күнзийн тухай их ярьдаг байлаа. Тэр үед надад нэг тийм зөн совин төрж, Күнз гэдэг хүнийг яагаад Монголд таниулж болохгүй гэж, Хятадтай хөршилж байгаа бол Күнзийг бас мэдэх шаардлагатай юм биш үү гэсэн бодол төрсөн. Тэгээд очсон газар болгоноосоо Күнзтэй холбоотой ном бичиг цуглуулсаар олон ч номтой болсон. Тэгээд 2000 оноос Күнзийн ном сургаалыг орчуулах ажилд хүчтэй орсон юм л даа. Хамгийн сүүлчийн номыг саяхан орчуулж хэвлүүллээ.
-Сүүлчийнх ээ?
-Сүүлчийнх гэсний учир нь Күнзийн сургаалын алдарт “Дөрвөн ном” гэж байдаг л даа. Эдгээр номууд Күнзийн суртлын гол цөм. Энэ дөрвөн номын хамгийн сүүлчийн ном “Мэнзийн сургаал”-ыг 2019 оны сүүлээр орчуулж хэвлүүллээ. Тийнхүү Күнзийн суртлын номуудыг орчуулах ажилд 19 жилийг зарцуулжээ. Дөрвөн номыг 19 жил орчуулсан гэсэн үг (инээв). Маш хэцүү ажил.
Одоо энэ дөрвөн ном иж бүрнээрээ монгол хэлээр гарсан. Монголд урьд өмнө нь огт гараагүй номууд шүү дээ. Монголчууд Күнзийн нэрийг сайн мэддэг ч сургаалыг нь мэдэх нь бага байсан. Эсхүл буруу зөрүү ойлголт их байсан. Тэр нь уг сургаалын нэг тал мөн боловч нөгөө талдаа ёс суртахууны том өв, сургаал байгаа гэдгийг бид мэдэх ёстой. Тэр утгаар нь би эдгээр номыг орчуулж гаргасан юм. Бид сайныг олж мэдээд саарыг нь хаях хэрэгтэй. Күнзийн хэлсэн алдартай үг байдаг. “Хэсэг хүмүүн цугаар явахуйд тэдний дунд миний багш болох нь лав буй. Сайныг нь шилэн сурнам. Саарыг нь сонжин заснам” гэдэг. “Сайн нь ч миний багш, муу нь миний багш” гэсэн үг л дээ.
-Таны хийж бүтээж буй болгон цэвэр оюуны хөдөлмөр юм байна. Нөгөөтэйгүүр та улсаас тусгайлан бэлтгэсэн улсын бүтээгдэхүүн байжээ гэдэг нь энэ бүх ярианаас тань харагдаж байна?
-Би Монгол Улсын нэг бүтээгдэхүүн шүү дээ. Тэр тусмаа социализмын үед бэлтгэгдсэн бүтээгдэхүүн. Би монгол хүн гэдгээрээ бахархаж омогшиж явдаг. Би Бээжинд Ардын их хурлын ордонд уригдаж, Хятадын Засгийн газрын ном бүтээлийн өндөр шагналыг гадаадын арав гаруй хүнтэй хамт зогсож байгаад авсан л даа. Тэнд шагнал аваад зогсож байхад надад омогшил бахархал төрж байлаа. “Би монгол хүн шүү дээ. Би Монгол Улсын бүтээгдэхүүн. Монгол Улсад бэлтгэгдсэн хятад судлаач хүн шүү дээ” гэсэн тийм нэг омогшил, бахархал төрж байж билээ. Харин Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цол шагнал хүртээд зогсож байхад надад төр улсдаа сүсэглэн залбирах, баярлан бахдах сэтгэл төрж, бас “Би ер нь юу хийсэн хүн бэ. Цаашдаа юу хийх ёстой хүн бэ. Би Монгол Улсдаа өртэй хүн” гэсэн тийм мэдрэмж төрж байсан юм. Би бол Монгол Улсдаа бэлтгэгдсэн, Монгол Улсдаа суралцсан, хүмүүжсэн Монгол Улсын олон мянган бүтээгдэхүүний нэг нь гэж өөрийгөө боддог. Хүн бүхэн өөрийнхөө сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлээрээ улсынхаа хөгжилд өөр өөрийн бага ч болов нэмэр хандивыг оруулж байвал төр улс төвшин сайхан урагшлан хөгжинө гэж боддог.
2024-11-18
2024-11-15
2024-11-14