МУИС-ийн Ази судлалын тэнхмийн багш, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтын Монголын талын захирал, доктор М.Чимэдцэеэ шинэ хичээлийн жилийн босгон дээр БНХАУ-ын Засгийн газрын “Хятадын ном зохиолын онцгой хувь нэмэр”-ийн шагнал хүртжээ.
Уг шагналыг БНХАУ-ын Засгийн газраас 2005 онд баталсан бөгөөд хятадын ном зохиолыг орчуулах, хэвлүүлэх, зохиол бүтээл шинээр туурвих хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан гадаадын хятад судлаач, орчуулагч, зохиолч зэрэг хүмүүст олгодог улсын зэрэглэлийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг ажээ. Шагналыг бүх дэлхийн хэмжээнд сонгон шалгаруулж олгодог бөгөөд тухайн улсад суугаа БНХАУ-ын Элчин Сайдын Яам, Хятадын Соёлын яам, Хятадын Зохиолчдын Хороо, Күнзийн төв институт зэрэг газрууд нэр дэвшүүлж, шагналын тусгай хороо шүүн шалгаруулдаг юм байна. Өнгөрсөн 10 жилд нийт 23 орны 49 хүн уг шагналыг хүртжээ.
Энэ жилийн хувьд дэлхийн хэмжээнд 178 хүн нэр дэвшиж, Австрали, АНУ, Канад, Орос, Герман, Франц, Голланд, Испани, Польш зэрэг орны эрдэмтэн судлаач, орчуулагч, зохиолч нарт уг шагналыг хүртээсний дотор Монгол улсын хятад судлаач, орчуулагч анх удаа шалгарсан байна.
Доктор М.Чимэдцэеэ 8-р сарын 25-нд Бээжин хотноо Ардын Их хурлын Ордонд болсон шагнал гардуулах ёслолд уригдан оролцож, уг шагналыг гардан авсан ажээ. Шагналыг БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч хатагтай Лю Яньдун гардуулжээ.
М.Чимэдцэеэ нь “Хятадын сонгодог утга зохиолын дээж” цуврал эрхлэн гаргаж, Күнзийн сургаал “Шүүмжлэл өгүүлэл”, “Их суртахуй”, “Хэв дундын ёсон”, “Сүнзийн дайтахуйн ухаан”зэрэг сонгодог зохиол бүтээлүүд болон “Хятадын орчин үеийн эмэгтэй зохиолчдын шилдэг өгүүллэгүүд” зэрэг ном орчуулж хэвлүүлэн, “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: сэтгэлгээ соёл” судалгааны бүтээл туурвин, Монголын утга зохиолын дээд шагнал “Алтан-өд” шагналыг 2 удаа хүртсэн нэртэй хятад судлаач, орчуулагч эрдэмтэн юм.
2024-12-16
2024-12-13
2024-12-12
2024-12-11