YA.GANBAATAR: 翻译作为一门独立的专业,极具科学性和艺术性 (回顾三十多年翻译生涯)

来源:今日报:http://unuudur.mn/%D1%8F-%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D0%BE%D1%80%D1%87%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0-%D0%B1%D0%BE%D0%BB-%D0%B1%D0%B8%D0%B5-%D0%B4%D0%B0%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD-%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%B8%D0%B

作者:今日报:YA.GANBAATAR

2020-08-27


“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Манай монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай. Энэ удаагийн зочин бол Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар.

-Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла!

-Би 1959 онд Говь-Алтай аймгийн төвд төрсөн. 1967 онд Улаанбаатар хотод 33 дугаар дунд сургуульд элсэн суралцаж, 1977 онд төгссөн. МУИС-ийг 1982 онд хятад судлаач, хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Хятад, орос, англи, герман хэлтэй. Гадаад худалдааны яам, МУИС-д 1998 он хүртэл ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. 1998-2001 оныг хүртэл ХБНГУ-ын Берлин хотын Хумбольдтын нэрэмжит их сургуульд монгол хэлний багшаар ажилласан. 2001 онд гадаад харилцааны салбарт шилжин, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Тайвань дахь Төлөөлөгчийн газарт ажилласан. Үндсэн ажлынхаа зэрэгцээ монгол, хятад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн. Монгол түмний их сартваахь Б.Ринчений шавь нэрт эрдэмтэн, хэл шинжлэлч Чой.Лувсанжавын гарын шавь. Багшийнхаа ном, сургаалыг насан турхруу мөрдөн дагаж явна даа. Багшийнхаа удирдлагад 1997 онд “Монгол-хятад хэлний үгийн сангийн харилцан нөлөөлөл: Өвөг ба эртний монгол хэлний харьцуулсан судалгаа” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан минь цаг хатуу байсан үеийн чанд журмын дагуу хийж, хамгаалсан сүүлчийн эрдмийн ажил гэж боддог.

2006, 2011 онд монгол судлал, орчуулга, уран зохиолын бүтээлүүдээрээ Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан өд” шагнал, 2014 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан. Анх би их сургуулийн англи хэлний ангид орж, Өрнө зүгийн мэргэжилтэй болно гэж зүтгэсэн ч, хувь заяаны эрхээр гэх үү, төрөөс хятад судлалын ангид оруулснаар нэгэн насны ажил, амьдралын минь чиг зам тодрон тогтсон гэж сүслэн бодож явдаг. Өрнө зүгийн биш, Дорно дахины мэргэжил, мэдлэгтэй болсон минь манай хуучны бичгийн хүмүүсийн замнал гэж боддог юм. Хуучны Монголд төрд зүтгэвэл манж, хятад, монголтой, сүмд суувал төвөд, тангадтай болдог уламжлалтай байсан. Чингэж бага хүүхэд наснаас агуу их Ринчен, Дамдинсүрэн нар шиг эрдэм номын хүн болно гэсэн дэврүүн сайхан хүсэл мөрөөдөлд автаж өссөн минь биеллээ олоход нэгэн алхам дөхөж, их эрдэмтэн Б.Ринчений шавийн шавь болсон. Миний номын багш бол Гавьяат багш, доктор, профессор Чой. Лувсанжав. Тэр их хүмүүсийн нэрийг нь хугалж, ясыг нь өндөлзүүлэхгүйг насад хичээнгүйлэн эрхэмлэж явна аа. Та бас багшийн маань ойр дотнын нөхөр байсныг би сайн мэднэ. Тэгэхлээр та ч бас миний багш л гэсэн үг. Бага залуудаа шүлэг найраг оролдож, хэдэн мөр тэрлэж явахдаа шүлэгч найрагчдын номыг биеэсээ салгалгүй дагуул мэт авч явж, дэр мэт дэрлэж унтдаг байж билээ. “Өгсүүр замын дуу” зэрэг таны номууд миний бага залуу насны дурдатгалд хүндтэй байр эзэлдгийг ярилцлагынхаа эхэнд хэлэхийг хүсэж байна.

-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла!

-Монгол судлал, хятад судлал, Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх, соёлын судалгааг дагнан хийж, хэл шинжлэл, утга зохиол, орчуулга, түүхийн судалгааны 20 шахам ном туурвисан. Заримыг нь дурдвал, “Нангиадын сонгодог уран зохиол”, “Их нүүдлийн түүх”, “Нангиадын сонгодог утга соёлын товчоон”, “Хүннүгийн түүх, соёл”, “Өвөг ба эртний монгол хэлний судалгаа” зэрэг болно. Түүнчлэн “Гүрний их нийслэл Хаанбалгас”, “Утга зохиолын тухай яриа”, “Утга зохиолын тухай өгүүллүүд” зэрэг түүх, утга зохиолын судлал, шүүмжлэлийн өгүүллийн эмхэтгэл хэвлүүлсэн. Орчуулгын хувьд 2003 онд “Ляожайн өргөөнөө тэрлэсэн гайхам өгүүллүүд”, “Нангиадын сонгодог яруу найраг: Таван хэлээр зэрэгцүүлэхүй”, “Дорно дахины сонгодог яруу найраг”, “Юань гүрний үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол” худам бичгээс шинэ үсэгт буулгасан ном, “Чанчунь бомбын Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг дурдах байна. Ном болгон эмхэтгэж хэвлүүлээгүй ч Хятадын сонгодог ба орчин үеийн уран зохиолоос нэлээд өгүүллэг, тууж, шүлэг найраг, түүх, соёлын бүтээл орчуулсан. Сүүлд БНХАУ-ын дарга Си Зиньпиний зохиолын эмхэтгэл “Төр улсыг засахуй” томоохон бүтээлийг монголчлоход орчуулагчаар оролцлоо.

-Манай Монгол орчуулгын баялаг өв, уламжлалтай. Олон зуун жилийн өмнөх болон өнөөгийн орчуулгад чанарын ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Би судлаач хүний хувьд Монголын орчуулгын, бүр дэлгэрүүлбэл бичиг номын түүхийг судалж ирсэн. Монголчуудын бичиг номын түүхийг эртний эх сурвалжуудаас нэхэн үзэж, бүр Хүн гүрний үеэс улбаалан гаргаж ирж болно. Түүнээс янагшлаад Сяньби, Нирун, Хитан гээд өвөг монголчуудын үеийн бичиг номын үйл амьдрал, бусдын шилдэг сонгодог зохиол бүтээлийг орчуулан тольдож ирсэн үүх түүх тодорхой баримттай болж ирдэг. XIII зуун үеийн Монголын их гүрний цаг үед орчуулга хэмээх нь төрийн нэг чухал үйл хэрэг болж өргөжин хөгжсөнийг түүх судраас бэлээхнээ үзэж болно. Хубилай хаан нийгэм-соёлыг ихэд хөхиүлэн хөгжүүлсэн гавьяатай нэгэн байсан агаад түүний шууд удирдлагад, зарлиг тушаалаар нь Судар бичгийн хүрээлэн байгуулан, төрийн алба, олон шинжлэх ухааныг дэлгэрүүлэн хөгжүүлсний дотор орчуулгын үйл хүндтэй байр эзлэх болсон байдаг. Харамсалтай нь, тэр үеийн ихэнх орчуулга өнөө бидний үед хүрч ирсэнгүй. Гарт барих юм алга. Харин түүх бичлэгт ямар ном судар орчуулж, барлан хэвлэсэн тухай мэдээ занги цөөнгүй бийгээс бид монгол орчуулгын түүхийг гадарлан тогтоодог юм. Нангиадын уран зохиолоос монголчлон орчуулж ирсэн бодит өвийн зүйлс Хятадын Мин, Чин улсын үе буюу XVII-XVIII зуунд холбогддог. Тухайлбал, 1709 онд Хятадын алдарт туурвил болох “Жинпинмэй” буюу “Алтан бумбан дахь тэргүүлэгч цэцэг” хэмээх сонгодог романыг монголчилсон байдаг. Энэ жишгээр “Хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр”, “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Ляожайн их бичиг”, “Тан улсын шүлэг гурван зуун бадаг”, “Сүн улсын бичиг гурван зуун бадаг”, “Шизин” буюу “Шүлэглэлт ном” гээд олон сонгодог бүтээлийг хятад, манжаас монголчилсон нь соёлт ертөнц хэмээх Өрнөдийн улс орнууд тэдгээрийг олж үзэж, өөрсдийн хэлээр орчуулахаас даруй хэдэн зуунаар түрүүлсэн хэрэг. Тиймээс монголчууд орчуулгын онол, дадлагын арвин баян туршлагатай. Лигдэн хаан зарлиг буулгаж олон гүүш бичгийн хүнийг цуглуулан, Буддын шашны их хөлгөн шастир болох “Ганжуур”, “Данжуур”-ыг орчуулсан, орчуулах урлагийн журам ёсыг боловсруулсан “Мэргэд гарахын орон” хэмээх алдартай бүтээлийг туурвиулсан жишээ бол гайхамшигтай.

Дээр нь зайлшгүй хэлэх ёстой нэг зүйл бол манайхны хуучин бичиг гэдэг худам монгол бичгийн хэл найруулга гайхамшигтай. Энэ бичгээр монгол үндэстний хэдэн зуу, мянган жилийн оюуны соёлын их өв хадгалагдаж байна. Төчнөөн цаг хугацааны юм гэхээр аргагүй л шалгарч цолгорсон, шигшигдэж тунгаагдсан, ёстой л шижир байдаг. Тийм ч учраас худам монголтой хүний бичгийн хэл баялаг найруулга сайхан байхад сураагүй хүний орчуулга цагаандуу, орчин цагийн монгол хэлний найруулгатай л байдаг. Урьдын тэр их ном бичгийг бид заавал үзэж суралцууштай. Ганц жишээ хэлэхэд, “Д.Сүхбаатарын баримт бичгийн эмхэтгэл” гэдэг номыг орчуулагч хүн зайлшгүй үзэх хэрэгтэй. Тэндээс хуучны монголчуудын бичгийн тансаг хэл найруулгыг суралцаж болно.

-Орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрчийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?

-Орчуулагч гэдэг нь ерөнхий нэр томьёо. Хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч гэх нь уран сайхны нэр томьёо, харин хэлмэрч гэдэг нь аман орчуулга хийдэг хүнийг хэлнэ. Манай хуучны ном зохиолд орчуулагч хүнийг дуун хөрвүүлэгч гэж нэрлэсэн байдаг. Аль аль нь л байх ёстой нэр томьёо биз ээ. Орчуулах эрдмийг монголоор эрт цагаас янагш “Дуун хөрвүүлэх ёсон” хэмээн оноон нэрлэсээр ирсэн. Дуун хөрвүүлэх ёсон бол орчуулан урлах эрдэм юм, бас орчуулгын онолын салшгүй хэсэг болохын хувьд шинжлэх ухаан мөн. Тэр тусмаа Дорно дахины ойлголтоор дуун ухаан гэдэг Өрнөдийнхөөр бол хэл шинжлэл хэмээх шинжлэх ухааны салбарын нэг хэсэг. Бас зохист аялгуу хэмээх яруу найраг, уран зохиолын онолын салшгүй нэг хэсэг мөн. Тиймээс эртнээс янагш эрдэмтэн мэргэд орчуулгын үйлийг онцгойлон үзэж, хүндэтгэн эрхэмлэж, янз бүрээр нэрлэсээр иржээ. Тухайлбал, Оросын их зохиолч А.С.Пушкин орчуулагч хүнийг “Гэгээрлийн улааны морь” гэж нэрлэсэн бол академич Б.Ринчен “Соёлын жинчин” гэж үнэлсэн байдаг.

-Зохиолоо шууд орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд, сая барьж авдаг уу?

-Хятад хэлнээс орчуулга хийнэ гэдэг амаргүй. Бусад хэлнээс орчуулахтай адилгүй. Учир нь ханз үсэг маш олон янзын гүнзгий утга агуулдаг учраас тухайн тохиолдолд зохиолч чухам аль утгаар нь хэрэглэснийг яг таг мэдэж авахын тулд сайн мэддэг үг байсан ч толь үзэж нягтлах шаардлага их. Тиймээс би эхлээд эх зохиолыг хэд хэдэн удаа уншиж сайн ойлгож аваад сая орчуулж эхэлдэг. Ялангуяа яруу найргийн орчуулга бол маш их чимхлүүр ажил. Зүү утас сүвлэж, хээ угалз шаглаж байгаа юм шиг няхуур нямбай хандах ажил. Жижигхэн болохоор нь яруу найргийн орчуулгыг зарим хүн амархан гэж боддог байж магадгүй. Гэвч амаргүйг нь яруу найраг орчуулдаг хүмүүс л яс махаараа мэдэрсэн байдаг. Тийм учраас чадахгүй бол яруу найргийн орчуулга хийгээгүй нь дээр.

-Та чөлөөт, утгачилсан, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ. Яагаад?

-Орчуулах эрдмийн олон арга барил бий. Үгчилсэн, утгачилсан, чөлөөт орчуулга гэдэг энэ хэдэн үг бол тэдгээрийг маш ерөнхийлсөн нэр томьёо. Цаана нь бас махчилсан, хадмал, найруулсан орчуулга гээд олон арга бий. Орчуулагч тэр бүгдэд сайтар суралцаж, мэдсэн байж гэмээнэ, сая зөв сайн орчуулга хийж чадна. Академич Ц.Дамдинсүрэн “Гадаад хэлнээс шүлэг орчуулах тухай” хэмээх өгүүлэлдээ “Нэг үгийг ямагт нэг үгээр орчуулахад их л бэрхтэй, хэд хэдэн үгийг хэрэглэх ба зарим үгийг ондоо үгээр орчуулах ч учир гарна. Гагцхүү утгыг алдахгүйг хичээх хэрэгтэй” гээд цааш нь “Миний санахад үгийг нэмж хасах гайгүй хэрэг. Үг ба өгүүлбэрт халдаж болно. Гол нь утгад халдаж болохгүй. “Мэргэд гарахын орон” дохионы бичигт “Номыг орчуулахад үгэнд үл итгэнэ. Утгад итгэхийн үүднээс сайтар мэдэн оролдоно” хэмээсэн нь даруй үгийг яг баримтлахгүй, утга санааг баримталж орчуул гэсэн заавар мөн биз ээ” гэж бичсэн. Энэ бол манай монгол орчуулан урлах эрдмийн хоёр гол дэг сургуулийн нэгийнх нь баримталж ирсэн үндсэн зарчим юм. Нөгөө нэг дэг чиглэл нь академич Б.Ринчений баримталдаг байсан зарчим бөгөөд тэр бол уран зохиолын, түүний дотор яруу найргийн орчуулгад маш чанд хатуу шаардлага тавьдгийг илтгэдэг. Академич Ц.Дамдинсүрэн орчуулгад утга голлож, үг хэллэг, өгүүлбэрийг чөлөөтэй буулгах арга, ёсыг баримталж байсан. Академич Б.Ринчен аль алийг нь буюу утгыг ч, үг, өгүүлбэр, хэллэг найруулгыг ч чанд хатуу анхаарч, эх зохиолын агуулга болоод хэлбэрийн талыг сайтар ижилсгэн буулгахыг баримталдаг байжээ. Түүний “Шүлэг орчуулах эрдэм” өгүүлэлд “Монгол орчуулгадаа монгол сайхан яруу гоё үгийг нь цаад зохиолд ямар байдал, хэлбэртэйгээр найруулсанчлан найруулж, шүлгийн шад гэж шүлгийн нэгэн мөрийг нэрлэдэг юм нь хэдэн үеэс бүтсэн байвал монгол орчуулгад мөн л тэр үеийн тоотой яг ижил зохион байгуулалттайгаар орчуулах ёстой. Тэр эх шүлгийн хэмжээнээс илүү, дутуу байвал орчуулагч хүн цаад яруу найрагчийн зориуд хичээж тааруулсан хэмжээ хэвийг эвдэж, яруу найргийн нэг аргыг нь гээн хаяж, монгол уншигчдадаа тэр онцлогийг нь мэдэгдэхгүйд хүрнэ” хэмээсэн нь орчуулгад ямар их хатуу чанд дэг ёс, журам шаардлага тавигддагийг нэн тодорхой илэрхийлсэн хэрэг.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд, би сүүлийн үед Хятадын зохиол бүтээлүүдийн орос, англи орчуулгыг тулган үзлээ. Оросын орчуулгын эн далайцыг бид сайн мэднэ. Мундаг гэхээс өөр үггүй. Гэхдээ нэлээд хялбарчилж энгийн болгосон тал ажиглагддаг. Тэгвэл англи орчуулгыг нь үзэхэд түүнээс ч илүү утгачилсан, энгийн хялбар юм байна. Үүнд олон талын нөлөө бий байх л даа. Ихээхэн ялгаатай хоёр өөр хэл. Дээр нь тэс өөр хоёр соёл иргэншлийн утга зохиол адилтгахын аргагүй байгаа. Тийм учраас хятад зохиолын англи орчуулга маш их утгачилсан, үг хэллэг орхисон, хураангуйлсан байдаг. Нийгэм-улс төр, үзэл суртал ч нөлөөлдөг байх. Ерөөс Дорно дахины хэл аялгуудын тансаг сайхан хэл найруулгатай ч холбоотой биз.

-“Яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно” гэж Г.Амар гүүш анхааруулсан. Энэ тухайд таны бодол?

-Оросын зохиолч, орчуулагч А.Жуковский “Хүүрнэл зохиолын орчуулагч бол орчуулгын боол байдаг, яруу найргийн орчуулагч бол өрсөлдөгч” гэж хэлсэн. Үүнийг сайтар ухаж ойлговоос яруу найргийг орчуулахад яруу найрагч байх шаардлагатай гэсэн үг. Тэгэхгүй бол эх шүлэг найргийн яруу тансаг амт шимт үгүй, зүгээр л махчилсан, хуулбар орчуулга болно гэсэн үг. Хятадын сонгодог яруу найрагт татагдан түүнээс орчуулж байсан Английн нэрт яруу найрагч Роберт Фрост “Яруу найргийг орчуулахад яруу найраг нь орхигддог” гэж зовлон ойлгосон хүний ёсоор бичиж байж. Тэгвэл Хятадын нэрт орчуулагч Ү Жиндао гэгч “Яруу найргийг орчуулснаас орчуулаагүй нь амар, оромдсоноос оролдоогүй нь дээр, тийм тамын ажил” гэж бичсэн.

-Хүүрнэл зохиол доторх шүлгийг өөрөө орчуулдаг уу. Яруу найрагчаар орчуулуулдаг уу?

-Өөрөө орчуулдаг. Яруу найраг орчуулах амттай байдаг. Хятадын эртний зохиол бүтээлүүдэд шүлэг найраг, тухайлбал, шад бадаг, хос уянга, хандал, эмгэнэл, эхлэл, төгсгөл зэрэг төрөл зүйлийн шүлэг маш түгээмэл агаад түүгээрээ өгүүлэн буй үйл явдлынхаа утга агуулгыг уран яруугаар зангидан товчилж илэрхийлдэг. Орчуулгынхаа гол өгүүлэмжийг мэдэх учраас шүлгийг өөрөө орчуулах нь дээр. Англи, орос, германаас орчуулж буй зүйлд ч шүлэг байвал өөрөө орчуулахыг хичээдэг. “Тэнгэрийн ташуур Атилла” түүхэн романдаа ашигласан “Нибелунгийн туульс” хэмээх дундад эртний зууны герман ардын алдарт туульсын шад бадгуудыг ч өөрөө орчуулж оруулсан.

-Нэг шүлэг зохиолыг олон хүн орчуулсан байдаг. Энэ зөв үү. Та урьд орчуулсан зохиолыг дахин орчуулсан уу. Яагаад. Өмнөх орчуулгаас юугаараа ялгаатай (давуу талтай) болсон бэ?

-Ийм явдал түгээмэл. Тэр тусмаа сайн үр дагавартай гэж боддог. Жишээ нь, нангиадын эртний Тан, Сүн улсын үеийн яруу найраг дэлхийд алдартай. Тэдгээрийг лавтайяа сүүлийн хоёр гурван зууны туршид дэлхийн олон хэлээр орчуулсаар ирсэн. Ялангуяа англи, франц, герман, орос зэрэг дэлхийн томоохон хэлээр байнга орчуулдаг. Тэгэхлээр аль ч цаг үед нангиадын эртний сонгодог яруу найргийн хорхойтон, шимтэн сонирхогчид байдаг гэсэн үг. Тэдний дотор яруу найрагчид, орчуулагчид, судлаач эрдэмтэд зэрэг бичгийн хүн олон. Би Тан, Сүнгийн яруу найргаас орчуулж “Нангиадын сонгодог яруу найраг: Таван хэлний орчуулгыг зэрэгцүүлэхүй” номоо хийж байхдаа энэ чиглэлээр судалж, бүрэн бус тоогоор англи хэлт 30 шахам орчуулагчийн нэрийг жагсааж, нэг шүлгийн 30, 40 янзын орчуулга гаргаж ирсэн. Орос хэлээр гэхэд түүнээс нэг их дутахгүй. Нэг зохиол бүтээлийг ингэж олон удаа, өөр хүмүүс орчуулах нь муу биш, харин ч сайн. Бие биеэсээ суралцах, алдсан орхисныг нөхөх, залруулах талтай. Заавал тийм байх албагүй ч ер нь л сайжруулж чамбайруулсан байдаг. Надад ч ийм тохиолдол байсан. Жишээ нь, “Чанчунь бомбын Өрнө этгээдэд аялсан тэмдэглэл”-ийг надаас өмнө 1990-ээд оны эхээр хятад судлаач, доктор Н.Ариунгуа эрдэм шинжилгээний зориулалтаар орчуулсан. Эрдэм шинжилгээний болон уран зохиолын орчуулга өөр. Эхнийх нь эрдэмтдийн гарын авлага, судалгаа шинжилгээний зориулалттай бол удаах нь олон нийтэд зориулсан, уран сайхны орчуулга. Эхнийхийг нь жирийн хүн уншаад ойлгоход хэцүү бол удаахыг нь хэн ч уншаад төвөггүй ойлгох боломжтой.

-Та орчуулж буй зохиолоосоо зарим өгүүлбэр, тэр ч байтугай зарим хэсгийг гээсэн удаа бий юү. Гээсэн бол яагаад?

-Энэ бол байж боломгүй гэмт хэрэг. Хүний зохиол бүтээлээс өгүүлбэр, зарим хэсгийг орхиж огт болохгүй. Тэр байтугай бие даасан утга санаа илэрхийлж буй үг хэллэгийг ч орхиж болохгүй. Учир нь тэр үгийн цаана утга байгаа. Утга дутвал зохиол зэрэмдэг болно.

-Зарим өгүүлбэр, үг, нэр томьёонд тайлбар, зүүлбэр хийдэг үү. Яагаад?

-Зүүлт, тайлбар хийх явдал орчуулгад түгээмэл байдаг. Ялангуяа өөр соёл иргэншилт ард түмний зохиол бүтээлийг нөгөө соёл иргэншилт уншигчдад хүргэхэд зүүлт, тайлбар хийх зайлшгүй шаардлагатай. Харин Дорно дахинд зүүлт, тайлбар хийх явдал өөр, илүү нарийн учиртай байсан. Хятадын эртний судар, шастируудыг хожмын эрдэмтэн мэргэд, бичгийн хүмүүс нь үзэж уншиж байхдаа цохолбор, шигтгээ, халил, хазайлт гэх зэргийн нэр томьёо хэрэглэсэн зүүлт, тайлбар их хийсэн байдаг. Тэднийгээ бүр янз бүрийн өнгийн бэхээр хуудасны дээд, доод, хажуу талд хийх ба бүгд өөрийн гэсэн нарийн дэг жаягтай. Олон зуун өнгөрсөн хойно тэдгээрийг үзэхэд маш чухал мэдээ мэдээлэл, эх зохиолд байхгүй нарийн нандин зүйлсийг хүргэж ирдэг хэмээдэг. Тэгэхлээр зүүлт, тайлбар хийх бол ном бүтээхүйн нэг салшгүй чухал зүйл гэж боддог. Би Бээжингийн, Берлиний, Тайванийн номын сангуудад Монголын түүхийн судар, шастируудыг үзэж явсан. Эртний бичгийн мэргэдийн хийсэн тийм зүүлт, тайлбаруудыг харахад гайхалтай санагддаг.

-Орчуулгын хэл үндэстний эх хэлний хөгжилд гай тарьдаг уу, гавьяа цогцлоодог уу?

-Гай тарих ёсгүй. Харин ч гавьяа цогцлоодог гэж боддог. Учир нь орчуулгаар дамжин тухайн хэл хөгжиж, баяжиж, монголчуудын оюуны ертөнц тэлж, сэтгэхүй, сэтгэлгээ хөгжиж байгаа. Дэлхийн хөгжлөөс, хүн төрөлхтнөөс хоцрохгүй, зэрэгцэн урагшилж яваа. Харин харь үг хэллэгийг тэр хэвээр хэрэглэх нь сайн зүйл биш. Аль болох монголчлохыг хичээх хэрэгтэй. Олон улсын дундын үг хэллэгүүдийг бол яах ч аргагүй. Жишээ нь, спорт, спирт, бокс, атлетик, автобус, машин, трактор гээд олон үгийг бид хэрэглэж байна. Ер нь харь үг хэллэг аман ярианд хурдан хэрэглэгддэг. Харин бичгийн хэлэнд ортлоо уддаг. Хэл шинжлэлд харь үг хэллэгийг шингэсэн үг, эс шингэсэн үг гэж хоёр хуваадаг. Ярианы хэлэнд хэрэглэж байгаа үг бол эс шингэсэн үг. Бичгийн хэлэнд хэрэглэж эхэлбэл тухайн хэлний үгийн санд шингэлээ гэж үзэж болно. Тиймээс уран зохиолын орчуулгад харь үг хэллэгийг бараг хэрэглэдэггүй, аль болохоор орчуулахыг зорьдог.

-Харийн сонгодог бүтээл орчуулагдсаны буянаар өөр үндэстний утга зохиолын хөгжилд нөлөөлдөг явдал бий. Ч.Чимэд, Б.Энхбиш хоёр “Евгений Онегин”-ыг орчуулсны дараа Р.Чойномын “Хүн” роман гарсан. Б.Ринчен Галидасын “Үүлэн зардас” найраглалыг гайхамшигтай яруу сайхан орчуулсан нь манай шүлэгчдэд жинхэнэ уран найрагч болоход нөлөөлсөн дөө.

-Тантай санал бүрэн нийлж байна. Бидний үеийн бичгийн хүмүүс таны сая дурдсан гайхамшигт бүтээлүүд, тэдгээрийн яруу тансаг монгол орчуулгыг шимтэн үзэж, бахдан суралцаж ирсэн. Энэтхэгийн эртний сонгодог найраглал Галидасын “Үүлэн зардас”- ын Б.Ринчен гуайн орчуулгыг ёстой л үгийн далайгаас сувд, тана шүүрдэхийн адилаар шунамхайран, үг нэг бүрийг нь амьсгаа даран, агаартай хамт сэнгэнэсэн рашаан, амтат бал бурам залгилах мэт алдахгүйг, мартахгүйг хичээн үздэг байсан даа. Хуучны ном судрын ийм гайхамшигт орчуулга цөөнгүй бий. Бага залуу насанд минь буюу өнгөрсөн зууны 60, 70-аад оны үед Монголын уран зохиолд орчуулгын давлагаа маш идэвхжиж, дэлхийн олон улсын хэдэн зуун бүтээлийг орчуулсан нь жинхэнэ соёлын хувьсгал байсан. Монголчууд тэр орчуулгуудаар дамжуулан дэлхийтэй, хүн төрөлхтөнтэй танилцсан байж таарна.

-Дээд мэргэжилтэн үнэмлэхтэй атлаа дунд ангийн, дунд сурлагатны ч мэдлэггүй, тэгсэн атлаа дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг орчуулах биш, оршуулдаг нөхдийг эрдэмтэн, орчуулагч Б.Ринчен “сэглэгсэд”, “орчуулагчинцарууд” гэх мэтээр дуудах төдийгүй нэр заан шүүмжилж, алдааг нь илчилдэг, дахин цаас цоохорлохоо больтол нь, эсвэл хэрсүү суутал нь хэлж өгдөг байв. Үүний зэрэгцээ авьяас билигтэй залуу орчуулагчдад аятай магтаалаа ч харамладаггүй байв. Б.Ринчен шиг, дор хаяж А.Шархүү, Р.Гүрбазар, Д.Дашдаваа шиг орчуулгын алдаа оноог хэлдэг, залдаг, бурууг нь булдаг, түлдэг судлаач, шүүмжлэгчтэй болохын тулд төр юу хийх ёстой вэ?

-Гадаад хэлийг гадарладаг байтугай гайгүй сайн доторлодог хүн ч тэр бүр хийж чадахгүй бэрх хэцүү үйл бол орчуулгын ажил. Энэ тухай зовлонг нь амссан хүмүүсийн хэлсэн, сургасан үг олон бий. Оросын нэрт орчуулагч Л.Гинзбург “Алив нэг зохиолчийн, тэр байтугай бүхэл бүтэн утга зохиолын хувь заяа орчуулагчаас шалтгаалдгийг мартаж болохгүй” гэж бичсэн байдаг. Тэгэхлээр орчуулга гэдэг бол бие даасан мэргэжил, цогц шинжлэх ухаан, нэгэн зүйл урлаг мөн. Гадаад хэл эзэмшсэн хүн орчуулагч болъё хэмээхүл орчуулгын мэргэжил, орчуулах урлагт дахин суралцах ёстой. Тийм ч учраас их, дээд сургуулиудын гадаад хэлний ангид орчуулгын онол, дадлага гэдэг хичээл заадаг байж таарна. Сүүлийн үед хятад хэл сайн мэддэг залуус олширсон. Багаасаа хятад сургуульд суралцаад, тус улсад их, дээд сургууль төгссөн залуус хятадаар эх хэл шигээ ярьж, бичдэг. Харин монголоор орчуулахдаа маруухан, үг оноож чадахгүй, ойлгосон мөртлөө хэлж, бичиж чадахгүй байна. Яагаад гэвэл тэд орчуулгын онол, дадлагын хичээл үзээгүй хэрэг. Өөр хэлнийхэн ч бас ийм л байна. Залуус орчуулах эрдэмд суралцах хэрэгтэй.

-Монголд дан ганц орчуулгын хөдөлмөрөөр аж төрөх боломж бий юү?

-Зөвхөн орчуулагч гэлтгүй, ерөөс сайн уран бүтээл хийсэн яруу найрагч, зохиолч, уран зураач, барималч, хөгжмийн зохиолч ч туурвилынхаа үр шимээр боломжийн аж төрөх цаг ирсэн гэж би боддог. Тийм ч учраас орчуулга дагнан эрхэлж, өдөр тутмын ажил үйлээ болгож, тууштай хөдөлмөрлөж яваа хүн олон болжээ. Жишээ нь, “Нэпко”, “Эдмон”, “Тагтаа паблишинг”-ийн хамт олныг дурдаж болно.

-Ц.Жамсран, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ц.Хасбаатар, Ч.Чимэд, Д.Чойжил, Г.Амар, Х.Мэргэн нарын сор орчуулагчийн өвийг Монголын орчуулагчдын холбоо түмэн олонд хүргэх, түүхийн аянд өртөөлүүлэх талаар юу хийж байгаа бол. Юу хийх ёстой вэ?

-Таны энэ асуулт ёстой загатнасан газар маажих шиг боллоо. Өмнөх үеийн нэрт хүмүүсийнхээ бүтээлийг хойчийн олон үеийнхэн марталгүй мэдэж, өвлөн уламжилж, өртөөлөн авч явах учиртай. Таны нэр дурдсан ахмад үеийн алдарт нэрт дуун хөрвүүлэгчдийн намтар үйл, бүтээл туурвилыг эмхэтгэн нэгтгэж нэгэн номын хавтаснаа баринтаглан боож авбал тун хэрэгтэй, буянтай ажил болно доо гэж би олон жил бодож явна. Тэгээд сонин хэвлэлд нийтлэгдсэн олон өгүүлэл дурсамжийг цуглуулан, хадгалж ирсэн. Харамсалтай нь, нэгтгэж ном болгох ажил маань баахан удааширч буйд сэтгэл зовнидог юм. Ард түмнийхээ нэгэн үеийн оюуны ертөнцөд баялаг бүтээж, шинэ Монгол Улсын шинэ ард түмний дунд оюуны соёлын хувьсгал хийлцсэн ач буянтай орчуулагчид, дуун хөврүүлэгчид бичгийн мэргэдээ умарталгүй уншин суралцаж, өвлөн тээж явдаг бол хэчнээн сайхан, төчнөөн гэрэлтэй байх сан билээ.


责任编辑:保罗
相关人物
YA. GANBAATAR

YA. GANBAATAR在历史,文学和诗歌的翻...

了解更多